Friday 2 February 2007

Сүх жанжин 115 хүрлээ.

Жанжин Д. Сүхбаатарын төрсөн өдөр. Тэрбээр 1923 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр таалал төгссөн ажээ. Харин түүний үхлийн шалтгааныг эрдэмтэд янз янзаар л тайлбарлаж ирсэн. Тэгээд ч 1923 оноос хойш Д. Сүхбаатарын намтрыг олон эрдэмтэд судалж байжээ. 1943-1983 он хүртэл түүний тухай намтар болон баримт бичгийн эмхэтгэлээс бүтсэн таван ном гаргасан байдаг аж. Ингээд МУИС-ийн түүхийн багш 3. Лонжидтой уулзсан юм.

-Жанжин Сүхбаатарын намтрыг ер нь хэдийнээс судалж эхэлсэн юм бэ. Албан намтраас нь гадна тэр бүр хүмүүсийн мэдэхгүй зүйл хэр их байдаг бол?
-Жанжин Д. Сүхбаатарын намтрыг 1923 онд таалал төгссөнийх нь дараахнаас судалж эхэлсэн байдаг. Учир нь тухайн үед Монгол ардын намын хоёрдугаар их хурлаас түүний намтрыг судлах тогтоол гаргасан байдаг юм. Тэр тогтоолд намтар судлалыг тухайн үеийн Сангийн яамны тэргүүн сайд Солийн Данзан, Сүхбаатарын хүү Галсандэндэв болон бусад хүмүүсийн оролцоотойгоор бичүүлж, олны хүртээл болго гэж заажээ. Гэвч С.Данзан багахан баримт цуглуулаад 1924 оны наймдугаар сард хэлмэгдсэн юм. Түүний эхлүүлсэн энэхүү ажлыг ‘Жамсрангийн Цэвээн болон Сүхбаатарын ах Дэндэв үргэлжлүүлж “Сүхбаатарын намтрын хураангуй”-г хийж Засгийн газарт өргөн барьсан байдаг. Гэвч тэр нь хэвлэгдээгүй. Тэр эх хувь нь одоог хүртэл МАХН-ын төв архивт хадгалагдаж байгаа.
-Маргааш Д.Сүхбаатарын төрсөн өдөр. Өмнө нь энэ өдрийг хэр өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан юм бол?
-Энэ жил Д.Сүхбаатарын мэндэлсний 115 жилийн ой тохиож байна. Өмнө нь, ер нь түүний төрсөн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байсангүй. Харин таалал төгссөн өдөр буюу хоёрдугаар сарын 20-ний өдрөөр тухайн үеийн төвийн сонин буюу “Үнэн”, “Ардын үндэсний эрх”, “Залуучуудын сонин”-д дурсамж өгүүлэл, сурталчилгааны нийтлэлийг хэвлүүлдэг байсан. 1942 онд таалал төгссөний 20 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гарч Ш. Нацагдорж анх удаа намтрыг нь хэвлүүлсэн юм. Үүнээс өмнө 1921 онд маршал Чойбалсан ” Ардын Хатанбаатар Магсаржав” гэдэг бүтээлдээ Д.Сүхбаатарын тухай оруулан нийтийн хүртээл болгосон байсан. 1942 онд хэвлэгдсэн намтар 1983 он хүртэл дөрвөн удаа шинэчлэгдэн, засварлагдан гарсан юм. Одоогоор бид нийтийн хүртээл болоогүй нэлээд хэдэн баримт, сурвалжийг өргөн олонд толилуулаад байгаа. Түүнчлэн жанжны гавьяа зүтгэлийг жинхэнэ бодитоор гаргаж тавихыг хичээж байна. 1990 оноос өмнө бол нэг үзэл сурталд бүхнийг захируулж байсан. Тиймээс Д.Сүхбаатарыг Монголын цорын ганц удирдагч суут хүн байсан гэж дүгнэдэг байлаа. Түүхийн бүхий л дэвшилтэт шинэ сэргэг бүхнийг түүний гавьяа байсан мэтээр хэтрүүлэн сурталчилж, үнэн байдлыг гуйвуулж байсныг 1990 оноос хойшхи түүхчид тодорхой гаргаж тавьсан байгаа. Д.Сүхбаатар бол хэзээ ч Монголын төр, Засгийн газрыг тэргүүлж байсангүй. Харин шинэ Монгол Улсын цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар 1922 оны эцэс хүртэл ажиллаж байсан. Харин 1990 оноос өмнө түүнийг Монголын нам, төрийн удирдагч байсан мэтээр хэтрүүлэн үнэлж дүгнэж байсан юм билээ.
-Та түрүүнд намтар судлалд нь байгаагүй шинэ сонин баримт бий гэсэн. Ер нь Сүхбаатар Ленинтэй уулзаагүй гэсэн яриа ч сонсогдож байдаг?
-1921 оны 11 дүгээр сарын тавны өдөр Монгол, Зөвлөлтийн найрамдлын хэлэлцээрт Москва хотноо гарын үсэг зурсан байдаг. Тэнд Монголын төлөөлөгчдийн тэргүүн, Сангийн яамны сайд С.Данзан, төлөөлөгчдийн гишүүн Ц.Ширнэндамдин, Б.Цэрэндорж, Д.Сүхбаатар нар Ленинтэй уулзсан нь хөдлөшгүй баримтаар батлагдсан. Түүнчлэн шинэ нотлогдсон баримтаас сонирхуулахад, жанжин маань их өртэй хүн байсан юм билээ. Өөрөө ч их ядуу хүн байж. Харин Данзан, Шагдаржав нар баян байсан юм билээ. Тэрбээр монгол болон хятад хүмүүст, албан байгууллагуудад олон лан мөнгөний өртэй байжээ. Түүнийг таалал болсны дараагаар тэр их өрийг нь манай төр, засгаас төлсөн байдаг. Тэгэхдээ хувь хүмүүсийнх нь өрийг төлөөд албан байгууллагад тавьсан өрийг нь хэрэгсэхгүй болгосон юм билээ.
-Д.Сүхбаатарын талбайн хөшөөний хойд талд Чингисийн хөшөөг босгосон. Энэ хоёр хөшөөг ингэж зэрэгцүүлэх шаардлага байна уу?
-Саяхан Үндсэн хууль батлагдсаны өдрөөр төр, засгийн тэргүүнүүд цэцэг өргөх ёслол үйлдэж байсан.
Тэр үеэр эхлээд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж байна билээ. Нэгэнт босгосон болохоор байж л байг. Тэр хөшөөг 1946 онд босгосон юм. Гэхдээ тэр хөшөөнд бичээстэй үг нь Чойбалсаны бичүүлсэн үг болохоос Д.Сүхбаатарын өөрийнх нь хэлсэн үг биш юм шүү дээ.

Ж.Батцэрэн


http://www.sonin.mn-с авав.

Туркууд хувьсгал хийёэн Ататурк гэгчээ үнэхээр хүндлэн биширч, хана таазаа түүний зургаар чимэж, хувьслын түүх хэмээх хичээлиййг 10н жил сурдаг нь тус хүнийг хүндлэж хайрлаж буйн илэрхийлэл болов уу. Гайхалтай. Манайхан л болсон хойноо хойноос нь муу ярьж байгаа биз гэж бодсон чинь хөшөөг нь нураах дээрээ тулжээ, ай хөөрхий.

No comments: