Tuesday, 10 March 2009

Турк Улсын Стамбул хотод амьдрах нь: Сарын орлого, зарлага тайлан тэнцэтгэл


Миний бие сүүийн үед гадаадад сурахыг хүсэгч залуус олширсоныг бодолцон блогтоо Турк Улсын Стамбул хотод сурах талаар хэд хэдэн цуврал бичлэг оруулъя гэж бодож байна. Энхүү цувралын эхнийх нь болох Турк Улсын Стамбул хотод амьдрах нь: Сарын орлого, зарлага тайлан тэнцэтгэл бичлэгт Стамбул хотод амьдрахад, хоол хүнсний олдоц, үнэ, унаа тэрэгний билет гээд, гарах зардалыг, өөрийн туршилага дээр тулгуурлан, хамгийн багаар тооцож, чангаар бодлоо.

Сарын орлого:
• Улсын зардлаар ирсэн бол сар бүр 175 лираны тэтгэлэг, мөн жилд нэг удаа ном хувцасны мөнгө олгодог.
• Ар гэрээс татах татаас
• Хааяа нэг олон ангит кино, эсвэл реклам зэрэгт тоглож олох мөнгө (иймэрхүү тохиолдол байдаг бөгөөд Монголчууд Хятад, Япон, Солонгос гээд Монголчуудаас бусад Азиудын дүрийг бүтээнэ :), олон ангит кинонд тоглосоны хөлсөнд өдрийн 20-50 лира, рекламанд тоглосоны хөлсөнд хамгийн багадаа 100 лираны хөлс авдаг.)
• Турк улсад сурдаг гадаад (Турк оюутануудад ч гэсэн ажиллах эрх олгодоггүй) оюутанд ажиллах эрх олгодоггүй бөгөөд зарим нэг оюутан зуны цагт аялал зуулчлалын хотууд болох Бодрум, Анталия зэрэг хотуудад, хагас бүтэн сайнд Стамбул хотод байдаг Солонгос, Хятад, Япон ресторануудад аяга угаагч, зөөгч хийх нь бий, мэдээж хууль бусаар

Сарын зарлага:

Байр: Дүүрэг, байрлал, халаалтын систем, олон нийтийн тээвэрт ойрхон эсэх, хэдэх өрөө байр гээд хэд хэдэн зүйлээс шалтгаалан байрны үнэ өөрчлөгдөх бөгөөд хамгийн хямддаа 500 лира (2.2 TL буюу лира 1 евротой тэнцэнэ ойролцоогоор). Байрны сарын түрээсээс гадна эхлэн байр түслэгчид 1 сарын байрны түрээстэй тэнцүү хэмжээний (зарим тохиолдолд нэг сарын байрны түрээсээ их) баталгаа (депосит) төлдөг. Дэпоситыг гарахдаа буцаааж авна гэсэн хуулийн заалт байдаг ч бүрэн бүтнээр нь буцааж авах нь ховор тохиолдол.
Тог, ус, газны үйлчилгээг (Ихэнх байрны эзэд өөрсддөө төвөг удахгүйг хүсдэг тул тог, ус, газны үйлчилгээ авах гэрээ контрактыг түрээслэгчидэд даатгадаг) авахын тул мөн 500 орчим лира (барьцаа төлөх, зарим тохиолдолд тоолуур авах г.м) хэрэг болдог. Анхлан байр түрээслэхийг хүсэгчидийн халаасанд ойролцоогоор хамгийн багадаа 1.500 лира байвал зохилтой. Мэдээж энэхүү үнийн дүнг хэдэн хүн нийж байр түрээслэхээсээ хамааран хувааж төлнө. За тэгээд ойролцоогоор 1.500 төгрөг зарцуулаад хов хоосон байранд орлоо, хэтэвчнийхээ зузаан нимгэнээс хамааран шинэ, хуучин тавилага авах үлдлээ.
Хоол: Бидний мэдэх цэцэгтэй цэцэггүй байцаа, лууван, чинжүү, улаан лоолю, өргөст хэмх зэрэг ногооноос өгсүүлээд мэдэхгүй олон олон ногоо үнэтэй, хямдхан зарагддаг тул ногоонд дуртай хүмүүсийн хувьд диваажин л гэсэн үг. Ногооны үнэ улирлаас хамааран өөрчлөгддөг. Ногооноос гадна алим, лийр, тоор, мандарийн, жүрж, гадил гээд жимс элбэг. Мэдээж жимсний үнэ болон төрөл нь улирлаас хамааран өөрчлөгдөнө.
Монголчууд шиг маханд нугасгүй хүмүүст дуулгах муу мэдээ бол энд (Стамбулд) мах нилээн үнэтэй (тос ихтэй, машиндсан мах ойролцоогоор 1 кг нь 15 лира) мөн амтгүй (Монголын махтай харьцуулбал) байдаг. Лалын шашинтай улс тул адууны мах иддэгүй (нүгэл хэмээн үздэг) тиймээс зарагддаггүй. Мөн гахайн мах иддэггүй, зарагддаггүй. Зарсан тохиолдолд мөнгөн шийтгэлээс өгсүүлээс шоронд хүртэл хоригдох магадлалтай. Гахайн мах хэрэглэдэггүйтэй холбоотойгоор өглөөний цайны өргөн хэрэглээ болох хиам Монголд зарагддаг хиамнуудаас амт муутай байдаг. Мөн бүх хүнсний бүтээгдэхүүний сав баглаан дээр (жигнэмэг, шоколад, чихэр гээд л...) гахайн өөх тос хэрэглээгүй болно хэмээх сануулгыг хэвлэсэн байна.
Хар, Номхон гээд далайгаар хүрээлэгдсэн тул элдэв янзын загас, сам хорхой, наймаалж, хавч гээд далайн бүтээгдэхүүн элбэг байдаг. Дэлгүүрүүдэд далайн бүтээгдэхүүн, үхэр, тугал, хонь, хурга, тахианаас гадна зул сарын үеэр цацагт хяруулын мах зарагдана. Ямаа, тэмээний мах идэх нь “нүгэл” биш ч зарагдаж байхыг хараагүй.
Монголчуудын өргөн хэрэглээний зарим нэг хүнсний бүтээгдэхүүний үнийг жагсаавал.. Хамгийн хямдхан будаа кг нь 2 лира буюу ойролцоогоор 1 евро, гурил 1 лира, гоймон 80 куруш (0.8 лира) байдаг. Сахар 1 кг нь 2.3 лира, наран цэцгийн тос 1л нь 2.5 лира байдаг. Оюутнуудын хичээлийн хуваарь яг цав таарахгүй учир ихэнхдээ оройн хоолны материалаа мөнгө нийлүүлэн худалдаж авдаг. Өдөрийн хоолоо ихэнх оюутнууд сургууль дээрээ иддэг бөгөөд сургуулиудын хоолны газарт оюутны хөнгөлөлттэй (ойролцоогоор 1.5-3 лираны үнэтэй нэг хоердугаар хоол, салат эсвэл жимснээс бүрдэнэ.) хоол байдаг.
Унаа: Стамбул, Том хот тул (17 сая хүн амтай бөгөөд энэхүү тоо сүүлийн 3-4 жил магадгүй түүнээс их хугацаанд өөрчлөгдөөгүй, миний мэдхийн) зорисон газартаа очихдоо ихэнхдээ унаа дамжих бөгөөд хамгийн багадаа 30 минут зарцуулна. Замын бөглөрөл их. Өглөө оройдоо 20-30 минутанд хоёр метр хүрэхтэй үгүйтэй явах нь энүүхэнд. Метро, трамвай, Ази тивээс Европ тив (эсвэл урвуугаараа), эсвэл аль нэгнээс нь ойр орчимын арлууд руу хүргэх усан онгоцоор зорчихдоо жетон (жетонууд адилхан биш тул ойр хавьцаах жетон зардаг цэгүүдээс авсан нь дээр), автобусаар зорчихдоо билет авна. Бүгд адилхан үнэтэй биш ч нэг бүр ойролцоогоор 1.5 лира байдаг. Метро нь Орос, Франц зэрэг дэд бүтэц тэр дундаа метроны зам сайн хөгжисөн улсуудыг бодвол “инээдтэй” буюу одоогийн байдлаар аравхан (Şişhane-Atatürk Oto Sanayii чиглэлд) буудалтай (энэ 2 сард 4 буудал ашиглалтанд орсон). Истиклал гудамжаар уруудаж өгсөх трамвай, тунел гэгдэх (Beyoğlu Kabataş-г холбоно) ноталжик буюу 1800-гаад оноос одоог хүртэл ажиллаж буй ‘метро’, гээд нэг буудлын унаанууд (ганц, хоёрхон буудал явдаг) байдаг бөгөөд энэ бүрд дээшээ доошоо явж, бууж суухаас гадна дахиад л жетон авах зэргээр мөнгө төлдөг, цаг алддаг. За баахан бараан зүйл биччихлээ эцэст нь нэг авууштай тал нь метро трамвайны замаа жилээс жилд өргөсгөж, уртасгаж, метробус (нэгхэн чиглэлд тусгайлан зассан нэг эгнээ замаар зогсолтгүй, өндөр хурдтайгаар явдаг автобус) зэрэг өөр сонголтууд үүсгэж байгаа. Олон нийтийн тээврийн план.
Төрийн зардалаар бус өөрийн зардалаа дааж сурдаг оюутнуудад хямдралтай зорчих үнэмлэх өгдөг бөгөөд энэхүү үнэмлэхийг сард 55 лирагаар цэнэглээд 200 хүртэл удаа метро, автобус, трамвайнд (Ази Европыг холбох усанд завинд үйлчилдэггүй) дамжиж болдог. Үүнийг аялик (aylık) гэнэ. Энэхүү үнэмлэх жил бүр шинэчлэгддэг. Улсын зардалаар суралцагсадад бүтэн жилийн турш мөн метро, автобус, трамвайнд хэрэглэх болохуйц жолооч эсвэл кассанд үзүүлээд үнэгүй явдаг үнэмлэх олгодог. Жил бүр шинэчлэгддэг. Дээрх 2 төрлийн үнэмлэхүүд зураг хөрөгтэй байдаг. Хоёр төрлийн үнэмлэхийн алийг нь ч авсан анх авахдаа бага хэмжээний мөнгө төлдөг.
тог, ус, газны мөнгө: Хэрэглэсэн хэмжээгээр төлбөр ирдэг. Туркэд хийгээр, төвөөс халаалттай (Монгол халаалтын систем шиг), тогоор бүр нүүрсээр халаах нь байдаг. Хамгийн их түгээмэл нь хийгээр халаах систем бөгөөд энэ системд газны төлбөр мэдээж зун нь бага өвөл нь их ирнэ. Өвлийн гурван сар хийн мөнгө 200 лира хол давна. Турк улс өөр олон улсын адил хэрэглээний байгалын хийгээ зуун хувь Оросоос авдаг бөгөөд өнгөрсөн жилд л гэхэд байгалын хийн үнэ 60% гаруй хувь нэмэгдсэн. Мэдээж Туркүүд Орос ах нартай доллараар наймаа хийдэг тул доллар лираны харьцаа хийн үнэнд шууд нөлөөлнө. Их хэрэглэх тусамд нэгж (метр кув) усны үнэ буурах бус нэмэгдэнэ. Тог, ус, газнаас гадна хүсвэл интернэтийн үйлчилгээ авч болох бөгөөд интернэтийн үйлчилгээ авахын тулд заавал утас тавиулсан байна. Утасны суурь төлбөр (хамгийн хямд нь HesaplıHATT) яриагүй тохиолдолд 9.33 лира, интернэтийн төлбөр сард 49 лира (хурд болон үнийн хувьд хамгийн боломжийн нь) байдаг. Ийм системд байгалын хийг байраа халаахаас гадна, халуун ус (усанд орох, аяга таваг угаах), хоол хийхэд хэрэглэдэг.
Гар утсанд хийх нэгж: Өнөөдрийн байдлаар Туркэд 3 оператор (Туркселл, Водафоне, Авеа зэрэг) байдаг бөгөөд аль ч үүрэн телефоны компаний зуун нэгж төвөөс нь авахад ойролцоогоор 18 лира байна. Монгол руу (Гадаад руу) мессэж илгээхэд 3 нэг, өөр хоорондоо ярих болох өөр опературтай (жишээ нь авеагийгийн номертой хүн туркселлийн номер луу) ярихад унах нэгж нь үүрэн телефон цаашлаад хамрагдах үйлчилгээнээс (мобистудент гэдэг шиг оюутануудад зориулсан эсвэл бизнесс эрхлэгчидэд зориулсан гээд) тань шалтгаалан хэлбэлздэг. Ойролцоогоор минутанд 1-6 нэгж унана. 3 сард нэг удаа цэнэглэхгүй бол гадагшаа гарах ячианы эрх хаагдах бөгөөд дахиад 3 сарын дараа дотогшоо орох ярианы эрх хаагдана. Мөн гурван сарын дараа (нийт 9 сарын дараа) номер тань устах болно.
Саяхан дөө (2 жилийн өмнө байхаа) гар утасны хулгай ихэссэнтэй холбоотойгоор гар утаснуудыг бүртгэж (утас бүрийн баттерэй болон их бие дээр IMEI номер байдаг, үүнийг ашиглан бүртгэдэг) эхэлсэн бөгөөд энэхүү системд бүртгүүлээгүй тохиолдолд гадаадаас Турк рүү оруулж ирсэн утас бүр 1 сарын дараа автоматаар хаагддаг. Бүртгүүлэхийн тулд пассапорт, оршин суух зөвшөөрөл зэргээ бүртгэл хүлээн авах эрх бүхий төвүүд дээр авч очин 5 лира төлж бүртгүүлэх бөгөөд ойролцоогоор 7 хоногийн дараа утас тань хэвийн ажиллаж эхэлдэг.


Дүгнэлт:

Ихэнх оюутнууд зургаа зургаагаараа нийлэн байр хөлслдөг бөгөөд ойролцоогоор 500 лираны түрээстэй байранд зургаан хүн амьдрана гэж тооцвол хүн бүрийн халааснаас сар дутамд байр, хоол, тог, ус, хий, интетийн төлбөрт ойролцоогоор 200-300 лира гарна.
Мэдээж унааны 55, сард гар утсандаа 100 нэгж авч хийнэ гэж бодоод 18 лира, ариун цэврийн хэрэглээний материалууд (оо саван, сойз гээд юу эс байхав дээ) гээд нэмбэл үнийн дүн маань 300-400 болж нэмэгдэнэ.
Үүнээс Улсын зардлаар сурдаг гэж тооцоод сарын тэтгэлэг болох 175 лирагаа хасахад оюутан сар бүр хамгийн багадаа 25-125 лираны "өрөнд" орж байна. Гар утсандаа нэгжгүй, халаасандаа мөнгөгүй, өдөрт нэг хоолтой амьдрахад нэг иймэрхүү зардал гарна.

2 comments:

ЗОРИГТ 8 said...

Лира гэдэг нь мөнгөн тэмдэгт нь үү..
Истой сайхан мэдээлэл хүргэсэнд баярлалаа АНХАА...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Аанхаа, мөнгөн тэмдэгт нь. 1 евро ойролцоогоор 2.2 лиратай тэнцэнэ. Хямрал эхлэхээс өмнө буюу 3 орчим сарын өмнө 1 евро 1.8 лиратай тэнцдэг байв :)